Дээд боловсролын систем, их, дээд сургууль, коллежийн сургалтын чанартай холбоотой судалгаа, үнэлгээг тогтмол хийж, оюутан, залууст зөв сонголт хийхэд нь хөтөч болдог “Campus advisor” олон улсын сүлжээ байгууллагаас 2024 оны Европын шилдэг 15 улсыг нэрлэжээ. Дээд боловсролын тогтолцоо, сургалт хамгийн сайтай, оюутанд ээлтэй орнуудын жагсаалтыг Британи тэргүүлсэн бол удаах байрт Герман, Ирланд, Швейцар, Дани улс орсон байна. Харин 5-10 дугаар байрыг Нидерланд, Франц, Чех, Австри, Швед эзэлж, сүүлийн тавд Португал, Бельги, Финланд, Норвег, Испани жагсжээ.
Судлаачид тухайн улс орон дахь залуусын боловсролын түвшин, олон янз байдал, амьжиргааны өртөг, нийгмийн амьдрал, ажлын байраар хангагдах боломж, карьер, урлаг, соёлын үйлчилгээ зэрэг үзүүлэлтийг харгалзан 1-5 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд Британи хамгийн өндөр буюу 4.51 гэсэн үнэлгээ авчээ. Харин 15 дугаар байрт жагссан Испани эдгээр үзүүлэлтийн дунджаар 3.75 оноо авсан байна. Тус байгууллага эл жагсаалтад багтсан улс бүрийн онцлог, давуу талыг дурдсаны дунд Герман, Бельгийг оюутанд хамгийн ээлтэй, залууст гайхалтай туршлага болохуйц, сэтгэл хөдөлгөм орон хэмээн онцолжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл