Шинжлэх ухаан, технологийн сангаас шинжлэх ухааны салбарын судлаач, мэргэжилтнүүд, эдийн засагчдад зориулж “Нобельд хүрэх зам” онлайн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах аж. ХБНГУ-д болдог, Нобелийн шагналтнуудын Линдаугийн уулзалтын эдийн засгийн салбарын VII олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцсон, МУИС-ийн ахлах багш, доктор Л.Гүнбилэг уг арга хэмжээний гол зочин байх нь. Харин хурлын модератороор Линдаугийн Нобелийн шагналтнуудын 65 дугаар нэгдсэн уулзалтад эх орноо төлөөлөн оролцсон докторант Б.Отгонсувд ажиллах гэнэ.
Тэд шинжлэх ухааны судалгааны ажлыг хэрхэн чанаржуулах, технологид суралцсанаар ямар боломжуудыг өөртөө нээх, мэдлэг, ур чадвараа богино хугацаанд яаж сайжруулах, олон улсын тэтгэлэг, сургалт, арга хэмжээнд ямар замаар хамрагдах талаарх үнэтэй зөвлөгөө, мэдээллийг залуучуудад өгөх юм. “Нобельд хүрэх зам” арга хэмжээнд оролцохыг хүсвэл Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудсанд байршуулсан холбоосоор нэвтэрч, бүртгүүлэх ёстой аж. Ташрамд дурдахад, Германы Линдаугийн сан Нобелийн шагналтнуудын уулзалтыг 1951 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн судлаачдад салбар, салбарын шилдэг эрдэмтэнтэй уулзах, тэднээс суралцах, туршлага солилцох боломж олгодгоороо онцлог.