Ирвэс хамгаалах сан Олон улсын ирвэс хамгаалах сан (SLT)-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Байгаль хамгаалал-зэрлэг амьтны хамгаалалд” хөтөлбөрийнхөө хүрээнд шилдэг 19 байгаль хамгаалагчийг шалгаруулахаар болжээ. Тодруулбал, ирвэс хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажилласан, “цоохор дээлт”, түүний идэш тэжээл бологч амьтдын хууль бус ан, худалдааг бууруулахад хувь нэмэр оруулсан байгаль хамгаалагчдыг тодруулах юм байна. Шалгаруулалтыг цоохор ирвэсийн тархац нутгийн хүрээнд буюу Монгол Алтай, Хархираа, Түргэн голын сав газар, Хан Хөхийн, Хангайн нуруу, Алтай Соёны бүс, Говийн бага дархан цаазат газрыг хамгаалдаг байгаль хамгаалагчдын дунд явуулах аж. “Ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагч”-д нэр дэвшигчдийн материалыг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл Ирвэс хамгаалах сангийн цахим хаягаар хүлээн авч, дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог Эх дэлхийн өдрөөр шилдгүүдийг зарлах нь. Уг уралдааныг манай улс дахь АНУ-ын ЭСЯ, Олон улсын ирвэс хамгаалах сан, БОАЖЯ, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалах нөхөрлөлүүд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.