Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “S’outlet” дэлгүүрийг буулгах ажлын хүрээнд ойр орчмынх нь бургасыг булгалж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тархаж, олон хүний шүүмжлэлд өртлөө. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр “S’оutlet” дэлгүүрийн ойр орчмын үерийн даланг тэлж, хүчитгээгүй, бас дотор нь бургас ургаж, шороо асгаснаас болж өнгөрсөн зун үерт өртсөн. Тиймээс дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үед шар усны үер болох магадлалтай. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар нь сайжирдаг. Үерийн даланд ургасан бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод байх ёсгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эдгээр ажлыг хэрэгжүүлж байгаа” гэлээ. Түүнчлэн “S’оutlet” дэлгүүрийн барилгыг буулгахаар дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны инженерийн хангамжийг зогсоосныг тэрбээр хэлэв. Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор 35 байршилд халиа, тошин үүсжээ. Шар усны үерээс сэргийлэхийн тулд тэдгээр байршилд тогтсон мөсийг хагалж, зөөх ажил үргэлжилж буй гэнэ.