Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 25-ны 19.00 цагт 1461 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос өчигдөр мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 347, импорт 230 МВт-аар өссөн үзүүлэлт аж. Тус хорооноос танилцуулсан статистикаас харвал эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 20-ны дээрх цагт 1529 МВт-д хүрсэн нь хоёрдугаар сар гарснаас хойших хамгийн өндөр дүн юм. Эл өдөр уг ачаалал 2023 оны мөн үеийнхээс 254, импорт 143 МВт-аар илүү байсан гэнэ. Харин хоёрдугаар сарын 12-ны 21.00 цагт оргил ачаалал 1228 МВт-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 117, импорт 138 МВт-аар буурсан үзүүлэлт болов.
Тэгвэл энэ сарын бусад өдөр системийн оргил ачаалал 1394-1515 МВт байжээ. Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын эцэст буюу 28, 30-нд нь оргил ачаалал энэ сарын хамгийн өндөр үзүүлэлтээс илүү буюу 1553, 1561 МВт байсан юм.
Ташрамд дурдахад, “Тог-оо тохируулъя 17-22 цаг” аянд аж ахуйн нэгжүүд нэгдсээр буй аж. Тухайлбал, “Монос хүнс” ХК цахилгааны хэрэглээгээ өмнөх жилийнхээс 17 хувиар хэмнэн, үйлдвэр, оффисын байрандаа эрчим хүчний зарцуулалт багатай тоног төхөөрөмжийг сонгон ашиглаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор