Нийслэлийн ЗДТГ-аас энэ оныг “Тохижилт, үйлчилгээний жил” хэмээн зарлаад буй. Үүний хүрээнд хэд хэдэн ажил хийх төлөвлөгөөг албаныхан танилцуулаад байгаа. Тэдгээрийн дотор Урт цагааны газрыг дахин төлөвлөх ажил багтсан билээ. Ер нь нийслэлээс хэрэгжүүлж буй тохижилт, үйлчилгээний гэх ажлуудын олонх нь хуучны барилгуудаа нураах төлөвлөгөө байгаа юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу Урт цагааны барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард буулгажачсан. Түрээслэгчид нь уг шийдвэрийг эсэргүүцэж, “Ажлын байргүй боллоо” хэмээсэн ч хотын дарга Х.Нямбаатар тэднийг үл тоож, “Яаралтай буулгаж, ирэх хавар дулаарахаар тохижуулах ажлыг эхэлнэ” хэмээж байлаа. Үнэхээр ч тэрбээр санасандаа хүрч, уг барилгыг маш богино хугацаанд буулгаж, цэвэрлэгээний ажлыг нь ч хэдхэн хоногт гүйцэтгэсэн. Түүнчлэн барилгын буурин дээр ногоон байгууламж, эсвэл худалдааны төв барих уу гэдгийг иргэдийн саналаар шийдэхээ мэдэгдэж байв. Санал асуулгын дүнд ногоон байгууламж барихыг иргэдийн олонх нь дэмжсэн. Тиймээс Урт цагааны буурин дээр барилга барихгүй, харин ногоон байгууламж бий болгохоор шийдвэрлээд байгаа.
Урт цагааны барилгыг нураах шийдвэр нийслэлчүүдийн хувьд шинэ биш байв. Учир нь 2020 онд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх үедээ ч ийнхүү шийдвэрлэсэн байдаг. Гэвч тухайн үед барилгад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн эсэргүүцэлтэй тулгаснаар дээрх шийдвэр нь ажил хэрэг бололгүй, тэгсхийгээд намжсан юм. Нэг онцлох зүйл нь, тухайн үед Урт цагааныг нурааж, орчин үеийн шийдэл бүхий барилга барихаар архитекторуудын дунд уралдаан зарлаж байсан юмдаг. Үүгээр дамжуулан архитекторуудад 30 сая төгрөгийн шагнал ч амласан.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутнуудаас гадна ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн юм. Тэдний бүтээлийг олон нийтийн сүлжээнд байршуулж байсан нь өдгөө түүх болжээ. Уг бүтээлүүдээс олон нийтээс хамгийн их санал авсан гурвыг нь шалгаруулсны дараа шүүгчдийн баг хэлэлцээд ялагчийг тодруулах журамтайгаар уралдааныг зохион байгуулсан. Гэвч ялагч нь, бас архитекторуудад амласан шагнал нь ч яасан нь тодорхойгүй болжээ. Нийслэлийн удирдлагууд Урт цагаантай холбоотой шийдвэр гаргахдаа ийм маягаар хэлснээсээ буцаж, замхруулсаар ирсэн гэхэд болно.
Энэ удаад ч Урт цагааны газарт ногоон байгууламж бий болгох эскиз зургийг хотын дарга танилцуулаад байна. Харамсалтай нь, энэ сарын 3-нд олон нийтэд танилцуулсан уг зураг төсөл нь ногоон байгууламжийн шаардлага хангахгүй, нөгөө л бетон цутгах ажил байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжлэх болов. Тэгвэл хотын дарга “Манай Зураг төслийн хүрээлэнгийнхэн тооцоо, судалгаа хийсний үр дүнд ногоон байгууламжийг ийм байдлаар төлөвлөвөл ямар вэ гэсэн санал гаргасан. Иргэд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ өгөх боломжтой” хэмээсэн билээ.
Нийслэлийн Засаг даргын хэлсний дагуу Зураг төслийн хүрээлэн гэсэн нэртэй газрыг хайтал манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дунд огт байсангүй. Харин 2019 он хүртэл ийм байгууллага ажиллаж байж. Цаашлаад тухайн байгууллага нь Хот байгуулалт, хөгжлийн газар болж өргөжжээ. Ингээд тус газрынхантай холбогдоход хотын даргын ярьсан тооцоо судалгааг хийгээгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, Урт цагааны ногоон байгууламжийн эскиз зураг хаанаас “төрсөн” нь тодорхойгүй болов.
Дээрх зургаар бол Урт цагааны нэг га газрыг ногоон байгууламж бүрхэх ёстой. Харин газар доор нь 196 автомашины зогсоол байхаар төлөвлөөд буй билээ. Мөн зогсоолын ханаар нь Монголын түүхийг өгүүлэх судалбар зургуудыг байршуулах талаараа танилцуулсан. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд 44 тэрбум төгрөг зарцуулна хэмээн урьдчилсан байдлаар тооцоолжээ. Хэрэв газар доор автомашины зогсоол, зам зэргийг хийхгүй гэвэл дээрх төсвөө 20 дахин хэмнэх боломжтой гэнэ. Гэсэн ч нийслэлд хамгийн хэрэгцээтэй зүйл нь автомашины зогсоол болохыг хотын дарга Х.Нямбаатар зураг төслөө танилцуулах үеэрээ мэдэгдэж байв. Өдгөө бүтээн байгуулалтын улирал хаяанд ирчхээд буй атал өнөөх ногоон байгууламжийн сураг байхгүй, хэзээ эхлүүлэх, ер нь юу хийх гээд байгааг нь мэддэг хүн ч алга.
Дээр дурдсан асуудлуудад тайлбар авахаар нийслэлийн ЗДТГ-ынхантай холбогдоход “Уг ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хариуцаж байгаа. Манайд энэ талаар ямар ч мэдээлэл алга” гэсэн хариу өгөв. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нь “Энэхүү ажлыг нийслэлийн ЗДТГ-ынхан хариуцаж байгаа. Манайд холбогдох мэдээлэл нь алга. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрынхнаас тодруулаарай” гэсэн юм.
Товчхондоо, Урт цагааны газрыг яах гээд байгааг мэдэх хүн хотын дарга Х.Нямбаатараас өөр алга. Түүний хэлснийг хэрэгжүүлэх, хариуцах байгууллага, албан тушаалтан огт олдсонгүй. Асуудлыг аль болох л өөрсдөөсөө зайлуулж, бие бие рүүгээ “зааж” байв. Урт цагааны барилгыг буулгаж эхлэх үеэс л суурин дээр нь өндөр барилга барьчих вий гэж иргэд болгоомжилж байсан. Одоогийн тодорхойгүй байдлаас харахад иргэдийн болгоомжлол, айдас нь оргүй зүйл биш мэт. “Ногоон байгууламж бий болгох нь зөв. Гэхдээ манайд иргэдийнхээ төлөө сайхан зүйлс хийнэ гэж газрыг нь авчхаад, өндөр барилга барьсан тохиолдол өчнөөн шүү дээ” хэмээн Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан иргэд барилгыг буулгах үеэр хэлж байсан юм.
Улаанбаатар хотын энэ оны төсвийг тодотгохоор нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж эхлээд буй билээ. Тодотголын эхний хэлэлцүүлгийн үеэр буюу энэ сарын 23-нд нэгэн иргэн нийслэлийн ИТХ-ын танхимд орж ирэв. Тэрбээр “Урт цагааны газарт бий болгох ногоон байгууламжийн доор 200 орчим автомашины зогсоол барих юм байна. Дээгүүр нь ахмад настан, хүүхдүүд амарч, зугаалах гэнэ. Саяхан Баянзүрх дүүрэгт хий дэлбэрсэн осол гарсан. Газар доорх зогсоолд нэг машин дэлбэрээд, бусдад нь гал тархвал яах вэ. Ийм зүйл болбол ойр орчим дахь иргэд нь ч аюулд орно. Иргэдийг амраах гэж байгаа бол уг газрыг тайван байлга” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хариуд нь хотын дарга Х.Нямбаатар “Та хурлыг үл хүндэтгэж, тасалдуулж болохгүй. Та өөрийнхөөрөө зүтгэж болохгүй. Ийм шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлийг ярьж болохгүй” гээд, улмаар тухайн иргэнийг хуралдааны танхимаас албадан гаргасан. Өөрөөр хэлбэл, хуралдааны танхимд суугчдын хэн нь ч тухайн иргэний санал, эсэргүүцлийг авч хэлэлцсэнгүй. Үндсэндээ огт тоогоогүй юм.
Урт цагааны барилгын түүхийн талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “200 гаруй жил энэ гудамжинд худалдаа, үйлчилгээ, гар урлалын үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Эдүгээ эм ханган нийлүүлэх байгууллагууд, алт, мөнгөний дархны газрууд, валют үйлчилгээний цэгүүд төвлөрдөг нь санамсаргүй, тохиолдлын хэрэг огт биш. Энэ бүх үйлчилгээ 200 гаруй жил уг гудамжинд тухайн цаг үеийнхээ өнгө аясаар өөрийн хэлбэр, төрхөө өөрчлөн хувьсаж иржээ. Ийм органик, амьд орон зайг бүтээх гэж хот төлөвлөгчид зорьдог. Урт цагааныг буулгах биш, энэ орон зайг нь, түүнд шингэсэн үнэ цэнийг өсгөх замаар сэргээн тохижуулж, ашиглалтыг илүү сайжруулж, орчныг илүү тав тухтай болговол хотынхоо үнэт зүйлийг нэмэгдүүлж, хадгалж хамгаалж чадна.
1909 онд энэ гудамжинд Хүрээний төв эмийн сан, 1930 онд анхны монгол эмийн сан нээгдэж байв. 1910-аад оны сүүлч үед энэ гудамжинд байрлаж байсан, эдүгээ Хожмын гэгээнтний сүмийн барилгад дуугүй кино гаргаж байжээ. 1921 онд уг барилгад анхны их дэлгүүр нээгдсэнийг бид тэр бүр мэддэггүй. Урт цагааны гудамж дахь 1914 онд баригдсан Өндөр хоршоо бол тухайн цаг үедээ хотын хамгийн өндөр барилгын нэг төдийгүй худалдаа, үйлчилгээний төв газар байв. 1929 онд Улаанбаатар хотод анхны нийтийн тээврийн үйлчилгээ үүсэхэд Урт цагааны гудамжинд, тодорхой хэлбэл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнөх талбай анхны төв зогсоол болсон. 1961 онд хуучин захыг орчин үеийн барилгад оруулсан нь Урт цагаан нэртэй орчин үеийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв болж байв” хэмээсэн.
Түүний өгүүлсэн түүхийн нэгээхэн хэсэг болсон Урт цагааны барилгыг ийнхүү нураагаад байна. Харин иргэдэд одоо газар нь л үлдээд байгаа. Түүхэн барилгаа хамгаалж чадаагүй сүйтгүүлсэн нийслэлчүүдэд өдгөө ядаж газрыг нь аварч үлдэх сонголт бий. Гэтэл нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан нь эл асуудлыг түр мартагдуулж байгаад нэг л өдөр өндөр барилга босгочхож магадгүй нь.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн