“Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг Монголд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монгол дахь Элчин сайдын яамнаас тус өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Хүлээн авалтад 1939 оны Халхголын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг Монгол Улсын байлдааны ажиллагаанд оролцож явсан ахмад дайчид иржээ. Энгэртээ одон медалиа гялалзуулан суух ахмад дайчид бол 103 настай У.Доржпалам, 100 настай Ш.Цэдэндамба, 98 настай Н.Батмөнх, 99 настай Г.Шагдар, 100 настай Ц.Чимэдцэрэн, 100 настай Б.Шагдар, 96 настай Г.Манья, 97 настай Т.Батсуурь нар байлаа. Тэднээс Б.Шагдар, У.Доржпалам, Ш.Цэрэндамба, Г.Шагдар нар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид. Мөн 100 настай буурай Ц.Чимэдцэрэн гуай Халхын голын байлдаанд оролцсон цор ганц гэрч юм. Үүнээс гадна Г. Манья, Т.Батсуурь, Н.Батмөнх нар 1948 оны хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчид аж.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков дээрх ахмад дайчдыг хамгийн хүндтэй зочид болохыг онцолж, “Оросын ард түмний бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баяр нь манай улсын арми, далайн цэргийн баатарлаг түүх, эх орноо хамгаалсан үе үеийн тасалшгүй холбоо зэргийг билэгддэг. Эх нутаг, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй дайсантай дайтаж, аливаа сорилтыг нэр хүндтэй даван туулж, гаднын дарангуйллыг бут цохисон манай эх орны үнэнч иргэдэд та бидний зүгээс гүн талархал илэрхийлэх баяр юм” гэлээ. Үүний дараа Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан юм.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, Дипломат корпусын гишүүд, шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон эрхэм нөхөд өө. Монгол Улсын Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, бие бүрэлдэхүүний өмнөөс Орос Улсын “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын мэндийг уламжилъя. Өнгөрсөн зуугаад жилийн хугацаанд олон амаргүй давааг хамтдаа даван туулсан. Үүний нэг том жишээ бол Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож буй явдал юм. Монгол Улсын Засгийн газраас Халх голын 85 жилийн ойг угтан Зохион байгуулах хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг Батлан хамгаалахын сайд ахалж байна. Энэ ажлын хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон болон Монгол Улсад ажиллаж амьдардаг Оросын ард түмэнд “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Энэ өдөр Оросын ихэнх хотуудад баярын парадыг зохион байгуулж, цэргийн болон агаарын нислэгийн үзүүлбэрийг үзүүлж, ахмад дайчид болон одоо армид алба хааж буй цэрэг эрсэд хүндэтгэл үзүүлдэг аж. Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон цэрэг армийн бусад удирдлагууд ОХУ-д цэргийн албыг нэр төртэй хааж, орчин үеийн батлан хамгаалах, аврах албаны үндэс суурийг тавьсан ахмад дайчдад онцгой талархал илэрхийлэхийн сацуу Орос орны аюулгүй байдал, амар амгалан амьдралыг хамгаалж байгаа бүх хүмүүст халуун баяр хүргэж, шагнаж урамшуулдаг юм байна.
Эрэлхэг дайчид, цэрэг эрсийн алдар сууг магтан дуулдаг, бахдан урамшуулдаг, хүндэтгэн дурсдаг энэхүү өдрийг Орос улс 1922 оноос хойш тэмдэглэсээр иржээ. “Эх орноо хамгаалагчдын өдөр” нь ОХУ-д орос цэргийн баяр гэхээс илүүтэй эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн баяр учраас айл гэр, анги хамт олон, албан байгууллагаараа энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг хамгийн чухал баяруудын нэг юм.