Японы сумо бөхийн хорооныхон Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хуралдаж, Ёкозуна асан Хакуко буюу Мияагино М.Даваажаргалтай холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн хурлаар Хакукогийн зэрэг дэвийг хоёр дахин бууруулж, цалингаас нь гурван сар 30 хувь хасах саналыг гаргасныг гишүүд нь бүрэн дэмжсэн ажээ. Учир нь түүний шавь Макүүчи зиндааны Хокүсэйхо Э.Даваанинж нь залуу бөхчүүдийг удаа дараа дээрэлхэн, хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон гэнэ. Тиймээс хорооноос Мияагино М.Даваажаргал нь өөрийн хариуцаж байсан бөхчүүдийн дэг журмыг сахиулж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэв.
Сумо бөхийн холбоо нь зэрэг дэв бууруулах, албан тушаалаас чөлөөлөх болон зодог тайлах зэргээр шийтгэл хүлээлгэдэг. Тиймээс Макүүчи Хокүсэйхо өөрийн гэм буруугаа ухамсарлан зодог тайлах саналыг хүргүүлсэн байна. Холбооны мэдээлснээр Хокүсэйхо бэлтгэл сургуулилалтын үеэр бусад сумочдын хэтэвчнээс мөнгө авч, залуу бөхчүүдийг дарамталж байжээ. Хохирсон сумо бөхчүүд Хакухо М.Даваажаргалд хандсан ч "Зохих арга хэмжээ аваагүй" тул хорооны гишүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Ирээдүйн аварга гэж яригдаж явсан Макүүчи зиндааны Хокүсэйхо Э.Даваанинж сахилга батгүй байж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул дэвжээгээ ийнхүү орхихоор болжээ.