Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо (АОХ)-ны II чуулган энэ сарын 24-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө С.Мөнх-Эрдэнийг сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 2017 онд АОХ-ны анхдугаар хурал болж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй оюутан залуу оролцож, анхны тэргүүнээрээ эдүгээ АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Н.Лхагвадоржийг сонгож байжээ. Улмаар АН дүрэмдээ өөрчлөлт оруулан, дэргэдээ оюутны байгууллагатай байх заалт нэмсэн гэнэ. Анхны тэргүүн нь өчигдөр холбооныхоо шинэ ерөнхийлөгчид тамгыг нь гардуулан өгсөн байна. С.Мөнх-Эрдэнэ нь 27 настай, “Идэр”, МУБИС, Стэнфордын их сургуулийг дүүргэсэн, сэтгэл зүйч, улс төр судлаач мэргэжилтэй аж. Тэрбээр АОХ байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад ийнхүү тэргүүнээр нь сонгогджээ.