Улсын хэмжээнд 13 аймгийн 58 сум төмөр буюу мөсөн зудад өртөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Цас нягтран хатуурч, эсвэл хайлан мөстсөнөөс үүдэн мал бэлчээх аргагүйд хүрэхийг ийнхүү тодорхойлдог. Мөн 17 аймгийн 139 сум цас ихтэй, цагаан зудтай байгаа аж. Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 13 сум нь мөсөн зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Бас Архангай аймгийн 10 сум мөсөн зудтай гэнэ. Зудын улмаас улсын хэмжээнд 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам хаагджээ. Тиймээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч тусгай зориулалтын 120 гаруй техник хэрэгсэлтэйгээр орон нутагт ажиллаж, зам гаргах болон малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм байна. Үүний үр дүнд одоогоор 10 мянга гаруй км замыг нээж, 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд өвс, тэжээл хүргэжээ.
Ташрамд дурдахад, цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Монгол орны баруун хэсгээр ирэх сард олон жилийн дунджаас дулаан байх аж. Харин төвийн, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөв гарчээ.