“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран энэ сарын 26-наас ирэх сарын 3-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхны нэгдсэн чуулган, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн, бизнес өдөрлөг, тур оператор компаниудын удирдлага, менежер, стартапуудад зориулсан уулзалт, сургалт зэргийг явуулахаар төлөвлөжээ.
Уг арга хэмжээг тохиолдуулан дээрх байгууллагуудаас “Өвлийн аялал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг сонирхогч, аялагчдын дунд зарлалаа. Байгальд ээлтэй, зохистой аялал жуулчлалыг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилготой эл уралдааны бүтээлийг энэ сарын 25 хүртэл хүлээн авч, цахим хуудсанд байршуулан, гуравдугаар сарын 1-нд хандалтынх нь оноогоор шилдгүүдийг шалгаруулах гэнэ. Шилдгийн шилдэг зургийн эзнийг 1.2 сая төгрөгөөр урамшуулах бол хоёр, гуравдугаарт орсныг нь 500, 800 мянган төгрөгөөр шагнаж, 4-10 дугаар байрт шалгарсныг нь 50 мянган төгрөгөөр үнэлэх нь. Уралдаанд сонирхогчийн камер болон гар утсаар авсан зургаараа оролцох боломжтой.
“Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээг Төрийн ордонд болох аялал жуулчлалын нэгдсэн чуулганаар нээх тул оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг үүнээс өмнө амжиж бүртгүүлэхийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос уриаллаа.