Зудын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор ШУТИС орон нутгаас ирж суралцдаг 1700 оюутнаасаа санал асуулга авчээ. Тэднээс 550 нь гэр бүлдээ туслах зайлшгүй шаардлагатайгаа илэрхийлж, сургуулийнхаа захиргаанд мэдэгдэл гаргасан байна. Тиймээс ирэх сарын 22 хүртэл, дөрвөн долоо хоногийн хугацаанд хичээлээс нь чөлөөлж, сургалтынхаа үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн аж. Тэгвэл МУБИС-ийн захиргаа мөн орон нутгийн оюутнуудынхаа хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Одоогоор цөөн тооны оюутан чөлөө авч, нутагтаа очсон гэнэ. Хойшид санал хүсэлт нэмэгдвэл хичээлийн хөтөлбөртөө түр өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. МУИС, ХААИС-ийн захиргааныхантай холбогдоход “Манайд одоогоор чөлөө авах хүсэлт ирүүлсэн оюутан байхгүй. Хэрвээ орон нутгийн оюутнууд хүсэлт гаргавал санал асуулга авч, шийдвэрлэнэ” хэмээв.
Бэлтгэсэн Б.Энхзаяа