Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим хэсэгт өчигдөр 11.00-12.30 цагт интернэт тасалдлаа. Тодруулбал, “Mobinet”-ийн хэрэглэгчид интернэтгүй болжээ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр интернэт тасалсныг иргэд шүүмжилж байв. Үүний талаар албаныхнаас тодруулахад “Сүлжээ доголдсоны улмаас интернэт тасалдсан. Инженерийн багийнхан засаж, хэвийн ажиллагаанд нь орууллаа. Баянгол дүүргийн зарим, Чингэлтэйн ихэнх хэсгээр доголдол үүссэн. Сүүлийн үед хэд хэдэн удаа ийм асуудал гарсныг бид засаж сайжруулахаар ажиллаж байгаа” гэв. Үүнээс үүдэн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч хэсэг хугацаанд саатжээ. Тухайлбал, нийслэлийн иргэдийн түгээмэл ашигладаг, нийтийн тээврийн “Ub smart bus” аппликэйшн энэ хугацаанд ажиллагаагүй болсон байна.
Бэлтгэсэн А.Үүл