Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан, элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго олимпиадуудыг МУИС-иас зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, ирэх сарын 16-нд монгол хэлний олимпиад явуулахаар товлосон байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 6-нд биологи, газар зүй, хими, 27-нд нийгэм судлал, түүхийн олимпиад тус сургуулийн байранд болох нь.Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эдгээрт оролцож, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлэн, эсэхээ шалгуулж болох аж.
Түүнээс гадна элсэлтийн ерөнхий шалгалт авдаг 10 хичээл тус бүрээр сурагчдад мэдээлэл өгөх өдөрлөгийг МУИС-ийнхан өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр нийгэм судлалын хичээлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг болж, тус сургуулийн багш нар лекц уншив. Цаашид ирэх дөрөвдүгээр сарын 27 хүртэл долоо хоног бүрийн пүрэв,бямба гарагт нийт 12 удаа эл арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр тухайн хичээлээр элсэлтийн шалгалт өгч, өндөр оноо авбал МУИС-ийн аль хөтөлбөрт суралцах боломжтойг танилцуулах аж. Мөн мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах гэнэ.
Сорилго олимпиад болон мэдээлэл өгөх өдөрлөг нь төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, өөрт тохирсон хөтөлбөрөө сонгоход нь туслах зорилготой. Үүнээс гадна ирэх хичээлийн жилд МУИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдад мэргэжил, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөхийг зорьж буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч