Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цагаан зээр шилжин байршаад буйг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нь мэдээллээ. Тиймээс тус газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тухайн байршлуудыг хяналтдаа аван, тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ.
“Манай аймгийн нутаг дэвсгэрт, тэр дундаа суурьшлын бүстэй ойр газарт цагаан зээр нутагшсан тохиолдол ховор. Нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх явцдаа дайран өнгөрөх нь бий. Энэ өвөл нэлээд удаан хугацаанд, тогтвортой байршиж байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс байршсан газрыг нь нууцалж буй. Ямартай ч хоёр байршилд 20 гаруй бодгаль бүртгэгдсэн. Зээрийн сүрэг тариалангийн бүс, хагд өвс бүхий газарт нутагшиж буй нь идэш тэжээлээр хомсдох эрсдэлийг бууруулж байна. Гэсэн ч суурьшлын бүстэй ойр байгаа учир хулгайн ан, золбин нохдод бариулах, тээврийн хэрэгсэлд дайруулах зэрэг эрсдэлд өртөж болзошгүй. Тиймээс байнга ажиглаж, хянаж байна” гэж Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ярив.