Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө.
Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэж, 45 мянга гаруй мал хорогджээ. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар тус аймагт цасны зузаан 1-35, хунгарын зузаан 18-80, гуу жалгандаа 20-120, хөрний зузаан 2-25, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтжээ. Мөн энэ сарын 12-17-нд цас орж шуурсны улмаас орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын 54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Засгийн газраас тус аймгийн дөрвөн суманд энэ оны эхний улиралд багтаан туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.