Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм.
Есөн дүүрэгт дээрх захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан байна. Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.