Бригадын генерал, доктор, дэд профессор Ч.Сосорбарам Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗХЖШ, Чингис хаан Үндэсний музейн дэмжлэгээр “Чингис хааны геополитик” судалгааны бүтээлээ сайжруулан шинэчилж, танилцууллаа. Ч.Сосорбарам XII-XVI зууны цэргийн түүхийг шинжлээд, “Монголын Эзэнт Гүрэн дотоод, гадаад хамгаалалт бий болгон, цэргийн урлагийг шинэ түвшинд гаргаж, дэлхийд дэг журам тогтоосон” гэж үзсэн байна. Тухайн үед геополитик, дэлхийн дэг журам гэдэг ойлголт, ухагдахуун байгаагүй ч Чингис хаан болон түүний залгамжлагчдын үйл хэргийн үр дүнд дэлхийд дэг журам тогтож, геополитик гэдэг ойлголт шинжлэх ухаанд бий болжээ. Тэрээр “Дэлхийн дэг журмын талаар монголчууд ярих эрхтэй. Ёс зүйд суурилсан хуулиар монголчууд дэлхий даяар дэг журам тогтоож чаджээ” гэж онцлов.
Энэ номын талаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Манай музей Чингис хаан судлалыг эрчимжүүлэх, судалгааны түвшин, цар хүрээг өргөтгөх, Монголын Эзэнт Гүрний судалгааны төв болох зорилготой ажиллаж байна. Монголын эрдэмтдийн судалгааг олон улсын түвшинд хүргэх, бүтээлийг нь гадаадын олон хэлээр хэвлүүлэх, судалгаанд нь дэмжлэг үзүүлэхээр бид зорьж байна. Үүний нэг нь энэ ном юм” гэж онцоллоо.