Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Дижитал засаг” хөгжүүлэхээр зорьж, төслийг 2024-2028 онд хэрэгжүүлнэ. “Ухаалаг засаг-2” төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөж байна.
Үүнд:
1. Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлж, төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
2. Зорилтот бүлгийн 13 000 иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.
3. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
Дээрх төлөвлөгөөний хүрээнд БОАЖЯ хоёр гол чиглэлд хамтран ажиллана.
Тодруулбал:
1. Олон Улсад Монгол орны аялал жуулчлалын тухай цогц мэдээлэл авах нэгдсэн цахим портал хөгжүүлэх;
2. Байгаль орчин ба “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын ил тод байдлыг дээшлүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх юм.
Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Уур амьсгалын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Шинжээч Н.Болормаа, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн багийн хамтран Удирдагч, цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн Женнифер Гуй, Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Ховард Барийра Центенари, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төслийн Захирал Б.Билэгдэмбэрэл нар оролцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ