МУИС Олон хэлний шалгалт авах төв байгуулснаа өчигдөр нээлээ. Ингэснээр монгол залуус англи, франц, хятад, япон, солонгос зэрэг олон хэлний түвшин тогтоох шалгалтыг зориулалтын орчинд, дэлхийн жишгийн дагуу өгөх боломж бүрдэж буй юм. Мөн манай оронд суралцаж, ажиллаж, амьдардаг гадаадын оюутан, залуус тус төвд очиж, монгол хэлний мэдлэг, ур чадвараа олон улсын жишиг, аргачлалын дагуу үнэлүүлэх нөхцөл бүрдлээ.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийнхэн хэл шинжлэлийн судлаач, эрдэмтэдтэй хамтран, БШУЯ-ны дэмжлэгтэй “Монгол хэлний стандарт шалгалт, тест, программ хангамжийн тогтолцоо бүрдүүлэх” төслийн хүрээнд монгол хэлний түвшин тогтоох шалгалт (TOMFL)-ын аргачлалыг боловсруулаад буй. Тэгвэл эл шалгалтыг өчигдөр тохиосон Олон улсын эх хэлний өдрөөр шинэ төвд гадаадын оюутнуудаас туршилтын шугамаар авч эхлэв.
Уг төв нь программ хангамжийн системд холбогдсон шалгалт авах зориулалтын өрөөтэйгөөс гадна удирдлагын төв, хяналтын хэсэгтэй юм байна. Суудал бүр тусгаарлалттай тул шалгуулагчид нэгэндээ саад учруулах, анхаарлыг нь сарниулах, хуулах боломжгүй гэнэ. Ташрамд дурдахад, Олон хэлний шалгалтын төв нь МУИС-ийн хичээлийн II байрны гуравдугаар давхарт буюу Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 307 дугаар тоот өрөөнд байрладаг аж.
Бэлтгэсэн Н.Мишээл