Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 21-ний Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.
Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа. Архангай аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 19.7 мянган малчин өрхийн 4.8 сая толгой мал хаваржиж байна. Энэ сарын 19-ний байдлаар 58 мянга гаруй толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Эрдэнэмандал, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан суманд малын хорогдол илүү байна.