Энэ өвөл 1975 оноос хойших цаг агаарын үнэмлэхүй их, бага утгыг эвдсэн, онцгой их цастай, зудтай, зутруу улирал болж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд буй. Тухайлбал, манай оронд орсон хур тунадасны нийлбэр дүн өдгөө 9.6 мм байгаа нь олон жилийн дунджийг 1.6 дахин давсан бөгөөд сүүлийн 50 жил дэх хамгийн цас ихтэй өвөл болсон юм. Тэгвэл энэ сарын 20-21-нд шилжих шөнө зарим бүс нутагт агаарын температурын үнэмлэхүй бага утга эвдэгдсэн, түүхэн дэх хамгийн хүйтэн өдөр болсныг цаг уурчид дурдлаа.
Тус шөнө төвийн бүсийн ихэнх буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт 32-46 градус байсан нь 1962 оноос хойш тохиосон, хоёрдугаар сарын 20-21- нд шилжих өдрүүдээс хамгийн хүйтэн нь болжээ. Энэ үед агаарын температур Хөвсгөлд 46, Төв аймагт 42 хүрсэн нь хамгийн хүйтэнд тооцогдож буй гэнэ.