ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй "Ирээдүйн тоглоомууд" хэмээх шинэ хэлбэрийн анхны олон улсын тэмцээн өчигдөр үдэш нээлтээ хийв. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байна.
"Ирээдүйн тоглоомууд" нь сонгодог ба цахим спортыг хослуулж, дэлхийд спортын шинэ хандлагыг харуулсан «Фижитал» концепцийн хүрээнд болох шинэлэг чиглэлийн тэмцээн юм. Жишээлбэл, тоглогчид эхлээд цахим хөлбөмбөг тоглож, дараа нь талбай дээр гарч жинхэнэ хөлбөмбөгийн тэмцээнд өрсөлдөнө.
ОХУ-ын энэхүү санаачилга нь орчин үеийн компьютерын технологи, уламжлалт спортын ур чадварыг хослуулсан өвөрмөц, хосгүй төсөл бөгөөд ийнхүү хандлага нь олон хүн, юуны түрүүн залуучуудыг спортод шинэ хэлбэрээр нь өргөнөөр татан оролцуулах томоохон боломжийг нээж өгч, олон улсын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.