Жуулчдын хөтөч, тайлбарлагчдын III чуулганыг Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, БОАЖЯ хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь өнөөдөр тохиож байгаа Дэлхийн хөтөч, тайлбарлагч нарын өдрийг угтсанаараа онцлогтой. Орон нутагт ажиллаж, амьдардаг хөтөч, тайлбарлагчид уг чуулганыг зорин иржээ. Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Уг хуулийн 10.4 дэх хэсэгт нь Жуулчны хөтөч, тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан. Уг журмын талаар чуулганы үеэр санал солилцож, “Хөтөч, тайлбарлагчдын саналыг тусгаж, түүнийг сайжруулах боломжтой” хэмээн албаныхан хэлэв. Өөрөөр хэлбэл, оролцогчдоос гаргасан шинэ санал, санаачилгыг хүлээн авч, журамд өөрчлөлт оруулах гэнэ. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал “Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Хөтөч, тайлбарлагч бол улсынхаа нүүр царай болохын хувьд хариуцлагатай ажиллах нь чухал гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцоллоо.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн