БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн удирдах газар хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гадаадын иргэн олноор зорчдог газруудыг камержуулах, эргүүл, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, “жуулчин цагдаа” ажиллуулах, гэмт хэргийн хохирогч болсон иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэд, олон нийт болон аялал жуулчлалын байгууллагуудын оролцоо чухал гэж төслийг санаачлагчид үзжээ. Тиймээс иргэдийг соён гэгээрүүлж, тур операторуудтай хамтран ажиллахаар шийдсэн аж. Энэ үүднээс Монголын аялал жуулчлалын холбоо гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аялал жуулчлалын байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, ямар байдлаар хамтран ажиллах боломжтой талаар тус салбарынхнаас санал асуулга авч эхэлжээ.