Байгаль, цаг уурын өөрчлөлт, уул уурхай, дэд бүтцийн нөлөөгөөр монгол бөхөн тархац нутгаа тэлж, шинэ газарт идээш их болсныг судлаачид хэлж буй. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар “Өмнө нь Шаргын, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал бөхөнгийн үндсэн тархац нутагт тооцогддог байсан бол сүүлийн жилүүдэд түүхэн тархац газар буюу Хомын тал, Хяргас нуурын урд хөвөө орчимд идээш их болсон ” гэж саяхан мэдээлж байв. Тэгвэл судлаачид түүхэн тархац нутагтаа эргэн очоод буй бөхөнгийн сүргийг дүрс бичлэгээр баталгаажуулж, ажиглалт, судалгаа хийснээ мэдээлэв.
Одоогоор бөхөнгийн сүрэг Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсдэх Шалын хоолой, Хан хөхийн нурууны орчны бүсийн Халихын өвөр хэмээх газарт сэргэн нутагшаад байгаа гэнэ. Шинэ тархац нутагт нь хяналт, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах шаардлага тулгараад буйг зарим мэргэжилтэн хөндөж байна. Хяргас нуур орчмыг хариуцсан хамгаалалтын захиргааныхан гэхэд Монголын ирвэс хамгаалах төвтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл