УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж.
Мөн тэд хойд хөршийн Эрчим хүчний яамны удирдлагатай уулзаж, ОХУ-аас манайд нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай ярилцжээ. Үүнийг байгуулснаар Монголд нийлүүлж буй шатахууны экспортдоо тус улс ямар нэг хориг тавихгүй байх ач холбогдолтой гэнэ. Талууд одоогоор хэлэлцээрийн төсөлд харилцан санал солилцож буй аж.
Ташрамд дурдахад, зарим шатахуун түгээх станцын гадаа уржигдар орой, өчигдөр өглөө дараалал нэмэгдсэн талаар иргэд хэлэв. Мөн нэгэн жолооч “АИ-92 бензин байхгүй” гэсэн тул АИ-95 авлаа. Албаар илүү үнэтэй бензинээ зарах гээд байгаа юм биш үү” хэмээв. Энэ талаар АМГТГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Шатахууны нөөц хэвийн байгаа. Тухайн компаниудын зохион байгуулалттай холбоотой асуудал гарсан болов уу” гэсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор