Одоогоор манай оронд орсон хур тунадасны дундаж 9.6 мм байгаа нь олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр үзүүлэлт болж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Олон тооны мал хорогдож, цөөнгүй айлын хот харласан гэгддэг 2009-2010 оны зудтай өвөл дунджаас 1.4 дахин их буюу 8.5 мм цас орж байжээ. Тэгвэл 2023-2024 оных тэр үеийнхээс 1.1 мм-ээр илүү, 1975 оноос хойших цас хамгийн ихтэй өвөл болж, үнэмлэхүй дээд үзүүлэлтийг эвдсэн гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5 дахин их цас оржээ. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цастай сар нь энэ болж. Харин оны сүүлчийн сард дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон аж. Говь-Алтай, Дундговьд орсон цас үнэмлэхүй дээд үзүүлэлтийг эвджээ. Өнөө жилийн эхний сард орсон хур тунадас 3.5 мм байсан нь олон жилийн дунджийг хоёр дахин давж, 2010 оноос хойш тохиосон хамгийн их цастай сар болжээ. Энэ сарын үзүүлэлтийг олон жилийн дундажтай харьцуулахад Баян- Өлгий, Увс, Хөвсгөл, Төв аймгийн ихэнх, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар 1.2- 3.6 дахин их хур тунадас орсон байна.
Бэлтгэсэн Н.Мишээл