“Тавантолгой төмөр зам” ХХК-ий нэр бүхий ажилчдын ажлын байран дээрээ согтуурч буй бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тус бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар согтуурч, зүй бус үйлдэл гаргаж байгаа нь бичигджээ. Энэхүү үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх асуудалтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсгэж байгаад харамсаж байна. Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн ажилтнуудыг хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон” тухай дурджээ.