Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн. Нэг сарын хугацаанд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 465 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 4.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Тухайлбал, 303.5 тонн хонины махыг 2.6 тэрбум төгрөгөөр, 111.5 тонн үхрийн махыг нэг тэрбум төгрөгөөр, 51 тонн адууны махыг 397 сая төгрөгөөр, 26.5 тонн ямааны махыг 177 сая төгрөгөөр худалджээ. Арилжааны сүүлийн долоо хоногт хамгийн их буюу 2.1 тэрбум төгрөгийн мах арилжсан байна.
Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын хотноос амьд мал худалдан авах ажил хийж байгаагаа ХХААХҮЯ мэдээллээ. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжилж, өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж, малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргаад байгаа ажээ.
Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулсан байна. Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортолжээ.
Энэ онд улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн байна. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой мал хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувь юм.