Шишхэд голын сав газрын захиргаанаас дээвэр ашиглан хуримтлуулах боломжит дулааны улиралд орох хур борооны усны хэмжээг тооцоолжээ. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын жишээн дээр нийт дээврийн талбайн хэмжээгээр бодсон байна.
Тодруулбал, 6-9 дүгээр сард орсон 357.8 мм хур тунадасыг Мөрөн сумын нийт 10 700 орчим дээвэр ашиглан хуримтлуулна гэж үзвэл нийт 372 мянган тонн ус хуримтлуулахаар байна. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Дүүрэн нуурын усны нөөцтэй тэнцүү хэмжээний ус хуримтлуулах юм. Энэхүү хуримтлуулсан усаар 1400 орчим тонн төмс, эсхүл 203 000 орчим тонн улаан буудайг усалж ургуулах боломжтой.