Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг, нийслэлийн гэр хорооллын 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 0.07 га өмчлөлийн газартай, хүлэмж байршуулах зай талбайтай, мод, бут ургуулах, арчилж, хамгаалах туршлагатай, гудамж, хороо, ойр орчиндоо эко жишиг болсон айлуудыг үүнд хамруулах нь. Шалгарсан 50 өрхөд 32 ам метрийн хэмжээтэй хүлэмж, мод, сөөгийн үр зэргийг үнэгүй олгохоос гадна мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх аж.
Ойн газрын хөтөлбөрт хамрагдан, дэмжлэг авах хүсэлтэй айлууд хашаагаа “ногооруулах” төлөвлөгөөгөө төсөл хэлбэрээр бичиж, ирэх сарын 1-ний дотор modurjuulegch@met.gov.mn хаяг руу илгээх ёстой гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл