Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах түр зөвшөөрлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгож иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраар дамжуулан дээрх шалтгаанаар 382 тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрлийг энэ оны эхний байдлаар олгосноо дээрх төвөөс мэдээлсэн байна. Тэгвэл тэдгээр автомашины түр зөвшөөрлийг ирэх сарын 1-нээр дуусгавар болгон цуцлахаар шийдвэрлэснээ Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгджээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд дугаарын хязгаарлалтыг мөрдөж эхлэх юм байна.
Ийнхүү шийдвэрлэсэн шалтгаанаа Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн “Манай байгууллага нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баримтлан ажилладаг. Уг журмын дагуу зарим тээврийн хэрэгсэлд улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрлийг олгож, бүртгэлд хамруулдаг. Харин байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрөл олгох нь дээрх журамд хамаарахгүй, нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
Бэлтгэсэн М.Оч