Дуучин Ч.Мишээл хэдхэн хоногийн өмнө “Дулаан байна” дууныхаа клипийг олон нийтэд хүргэсэн. Мөн нэгэн тоглолтод оролцсон нь сүүлийн үед цахим орчинд тренд сэдвүүдийн нэг боллоо. Гэхдээ ярианы гол сэдэв нь түүний уран бүтээл бус, харин гадаад үзэмж нь байв. Түүний жин нэмэгдсэнийг олон хүн гайхаж, гоочилж, нийгмийн сүлжээнд элдвийг бичсэн нь хачирхалтай байлаа. Бас жин нэмсэн хүн тайзнаа гарах нь буруу гэх мэт хандлага гаргасан хүмүүсийн сэтгэгдэл ч хөвөрч байсан нь хачирхам. Нөгөөтээгүүр, жингээ нэмэх нь гэмт хэрэг бус, харин ч байгаагаараа байх ёстойг олон нийтэд учирласан, ойлгуулах гэсэн хүн ч цөөнгүй байсныг дурдъя. Уран бүтээлч үүнтэй холбоотойгоор бусдыг гадаад үзэмжээр нь ялгаварлахгүй байхыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан уриаллаа.
“Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэрээр нь ялгаварлахаа больё оо. Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин буцаж хэвэндээ орно. Гадаадын орнуудад гадаад үзэмжээр гоочлохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид ч салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилна гэж бодож байна. Бие биеэ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая. Бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ” гэж тэрбээр уриалгадаа дурдсан байлаа.
Бэлтгэсэн Ч.Зул