Францын хөгжмийн болон жүжгийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурь бол оюун санаанд тод мөртэй үлдэхүйц эрч хүчтэй хөгжмийн хэмнэл, дүрүүдийн зөрчилдөөнт чанарыг оновчтой илэрхийлснээрээ дэлхийд алдаршсан, дуурийн репертуар буюу дэлхийн сонгодог дуурийн урын сангийн шилэгдмэл бүтээл юм. Тус бүтээлд XIX зууны Испанийн Севиль хотын цыган эмэгтэй Кармен, эгэл цэрэг Дон Хосе нарын ээдрээт хайрын түүхийг өгүүлнэ. Уг дуурь манай улсад 1985 оны дөрөвдүгээр сард Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнбулганы найруулга, ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэхийн дохилтоор, меццо сопрано хоолойтон, хожим Ардын жүжигчин цол хүртсэн Д.Баадайжав Кармены дүрээр тайзнаа “мэндэлсэн” юм.
1875 онд нээлтээ хийсэн “Кармен” цор ганц дуурийн найруулгатай боловч Бизег нас барсны дараа хэд хэдэн хөгжмийн зохиолч, уран бүтээлч эх хувилбарыг өөр найруулгад хувиргасан нь бий. Эдгээрийн нэг нь 1882 онд Оросын хөгжмийн зохиолч Родион Щедриний оркестрт суурилан найруулсан “Кармен сюит” аж. Дуурийг сюит хэлбэрээр хүргэнэ гэдэг нь бүтээлийг цомхон хэлбэрт хөрвүүлэн, онцлох хөгжим, үйл явдал зэргийг сонгож, найрал хөгжмөөр аялгуу зохицолтой толилуулахыг хэлдэг. Тиймээс хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч чухал үүрэгтэй. Хэрэв уншигч та сюит хэлбэрийн концерт үзвэл хамгийн түрүүнд оркестрын уран чадвар, хөгжмийн найруулгад хүлээлт тавих ёстой юм. “Кармен”-ыг Нью-Йорк хотын “Карнеги”, Лондоны “Рояал” зэрэг томоохон концертын танхимд сюит хэлбэрээр тоглосон байдаг аж.
Харин “Улаанбаатар” театр өнгөрөгч бямба гарагт анхны бие даасан уран бүтээл болох “Suite and songs from Musicals and Carmen by G.Bizet”-ийг үзэгчдэд толилууллаа. Ингэхдээ тус дуурийн I, II анги, “Хунт нуур”-ын Адажио, “Дуурийн театрын хий үзэгдэл”, “Парисын Дарь эхийн сүм”, “Ромео Жульетта”, “Ла ла лэнд” зэрэг сонгодог мюзиклийн хөгжмийн хэсгийг багтаасан юм. Мюзикл бол дуу, хөгжим, бүжиг зэргийг хослуулсан театрын үзүүлбэрийн нэг хэлбэр. Мюзиклд хайр дурлал, нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, түүхэн үйл явдал, уран зөгнөл, нийгмийн асуудлаас эхлээд өргөн хүрээний сэдвийг өгүүлэх боломжтой.
“Анир” студийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Алтанхуяг концерт эхлэхийн оршилд Ж.Бизегийн энэхүү бүтээл дуурь, сюит, бүжгийн гэсэн үндсэн гурван найруулгад бичигдсэнийг хэлсэн. Түүнчлэн “Улаанбаатар” нь өнгөрөгч оноос эхлэн төрөлжсөн мюзикл театр болж буй бөгөөд улирлын тоглолтоо Ж.Бизегийн “Кармен”-ыг сюит хэлбэрээр тавин нээж буй нь энэ аж. Мөн тус театр 2023 оны арванхоёрдугаар сард уран бүтээлчдийн нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна. Үүнд шалгарч, амжилттай оролцсон уран бүтээлчид энэхүү гранд концертын баг бүрэлдэхүүнийг бүрдүүлснийг хэлэх нь зүйтэй. Энэ нь угтаа “Улаанбаатар” театрын уран бүтээлчдийн багийг шинэ залуу уран сайханчид эзэлж буй гэсэн үг.
Концертын эхний хэсгийг хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг удирдсан. Энэ үед тенор хоолойт, дуурийн дуучин Ж.Хишигбат испани соёлын илэрхийлэл “Гранада” дууг дуулсан юм. Түүнийг “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг найман оролцогчийн нэг байсныг уншигчид андахгүй болов уу. Шоуны дараа дэлхийн номер нэг тенор хоолойт, дуурийн алдарт дуучин Руди Парк түүнийг БНСУ-д хүрэлцэн ирж, дуурийн дуулаачийн мэргэжлийн сургуульд суралцахыг санал болгосон байдаг. Мөн малчны хотноос урлагийн тайзанд хөл тавьсан гэхчлэн түүнийг тодорхойлж байсан юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Дуучин бүр дуурь дуулдаггүй. Би өөрийгөө мэргэжлийн дуучин гэж хэлнэ” хэмээсэн. Харин тоглолтын дунд үед “Гранада” эгшиглэсний дараа танхим илт сэргэж, дуучинд баяр хүргэсэн нь түүнд тавьсан үзэгчдийн “дүн” байсан юм.
Удаах онцлох уран бүтээлч бол А.Отгонболд. Өнгөрөгч онд ОХУ-ын Москва, Санкт-Петербургт болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаанд Монгол Улсаас таван дуучин оролцсон. Тэдний нэг нь Новосибирскийн Консерваторын төгсөгч, зууны манлай дуучин Х.Уртнасангийн шавь, залуу тенор А.Отгонболд юм. Түүнчлэн тэрбээр Оросын дуурийн олон улсын уралдааны ялагчаар тодорсон амжилттай нэгэн. Түүнд ОХУ-ын “Большой” театрын симфони найрал хөгжмийн удирдаач Айрат Кашаев Оросын хөгжмийн зохиолчдын дуурийн бүтээлд хамтран ажиллах санал тавьсан байдаг. Тэрбээр тоглолтод Италийн хөгжмийн зохиолч Эдуардо ди Капуагийн неополитан дуу “O Sole Mio”, “The Phantom of the Opera” мюзиклийн баллад зэрэг сонгодог дууг толилуулсан юм.
Сюит хэлбэрээр тавьж буй бүтээлд цохож хөндөх хэсэг бол оркестр, удирдаач. Тоглолтод Монголын анхны поп оркестр “Анир” гоцолж, цөм ачааг нь үүрэлцлээ. Энэ нь 20 гаруй жилийн түүхтэй “Анир” студийн дэргэд байгуулсан, Монголын анхны хувийн гэх статустай оркестр бөгөөд нээлтийн тоглолтоо одоогоос хоёр жилийн өмнө хийж байв. Найрал хөгжим зөвхөн сонгодгийг тоглодог гэх ойлголтыг халж, рок, жазз, техно, ардын зэрэг бүхий л төрөлд хувирах боломжтой аж. Тус студийн захирал, мөн тоглолтод ерөнхий удирдаачаар ажилласан Б.Алтанхуяг оркестрын нээлтдээ “Анир поп оркестрын гол онцлог нь симфонийг цахилгаан хөгжимтэй хослуулдаг” хэмээж байсан. Харин мэргэжлийн уран бүтээлчид сонгодог урлагийнхнаас гадна рок попынхон, энтертайнмент салбарынхан илүү өндөр түвшинд үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломж бүрдлээ хэмээн байр сууриа илэрхийлснийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсныг санууштай.
Хүмүүсийн оюун санаанд хоногшсон мюзиклүүдийг ийнхүү дэлхийн сонгодог бүтээлийн сюит хэлбэртэй хослуулсан нь онцлог байлаа. Үүнээс гадна найрал хөгжим орчин үеийн поп хэв маягаар хөгжимдсөн найруулга оновчтой, шинэлэг, сонирхолтой байсныг энд дурдъя. Найрал хөгжмийн өгүүлэмж, түүнээс үзэгчдэд төрүүлэх мэдрэмж танхимд хүрэх, эсэх нь удирдаачаас шалтгаалдаг. Үзэгчдийн зүгээс нот бүрийг зөв хөгжимдөж буй, эсэх нь гол хүлээлт биш. Харин удирдаачийн гарын хөдөлгөөн, шидэт дохиур дороо хөгжим эгшиглүүлж буй увдислаг байдал үзэгчдэд сэтгэлийн хөг мэдрэмж төрүүлдэг нь нууц биш. Гэхдээ хэт хэлбэрдэж, хичээвэл хөгжмөө баллана. Харин “Suite and songs from Musicals and Carmen by G.Bizet” гранд концерт “Улаанбаатар” театрын залуу дуучдын ур чадвар, ерөнхий өнгө байдлын илэрхийлэл болж, сонгодог бүтээлийг орчин үеийн хэмнэлээр хүргэсэн үдэш боллоо.
Бэлтгэсэн Д.Хүслэн