Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дотоодын чансаа тогтоох, тивийн аварга шалгаруулах, ДАШТ болон олимпын эрх олгох, мөн олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах журмыг батлаад буй билээ. Уг журмын дагуу энэ жилийн УАШТ-д үзүүлсэн амжилтаар нь жин тус бүрийн эхний зургаан тамирчны чансааг тодорхойлжээ. Эрэгтэйчүүдээс энэ удаа дотоодын чансааг 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ (“Төгс”), 61 кг-д Н.Наранхүү(“Хилчин”), 70 кг-д Ц.Чинзориг(“Алдар”), 74 кг-д О.Сүлдхүү(“Алдар”), 79 кг-д Э.Бямбадорж (“Шандас”), 86 кг-д Б.Бат-Эрдэнэ(“Хилчин”), 92 кг-д Д.Батзул(“Дархан хасу”), 97 кг-д Г.Ганхуяг (“Алдар”), 125 кг-д М.Лхагвагэрэл(“Хилчин”) тэргүүлэв. Тэгвэл эмэгтэйчүүдээс 50 кг-д М.Мөнхгэрэл(“Оргил”), 53 кг-д Б.Хулан(“Аврагч”), 55 кг-д М.Дөлгөөн(“Алдар-2”), 57 кг-д Х.Болортуяа(“Аврагч”), 59 кг-д Б.Анударь(“Хантайшир”), 62 кг-д П.Орхон(“Алдар”), 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д П.Номин-Эрдэнэ, 76 кг-д Э.Даваанасан нар чансааны эхэнд жагслаа.
Ташрамд дуулгахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Албанийн Тирана хотод аравдугаар сарын 28-31-нд олимпын бус жингийн ДАШТ-ийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эл тэмцээн 2016 оноос хойш тасраад байсан юм. Тэмцээн эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65, 72, сонгомол барилдааны 55, 63, 72, 82 жинд болно.