Узбекистан улсын Самарканд хотод үргэлжилж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлаар хулангийн судалгаа, хамгааллын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөлөөс зохион байгуулсан салбар хуралдаанд Казахстан, Узбекистан, Туркменистан, Америк зэрэг улсын судлаачид оролцсон бөгөөд доктор, профессор Б.Бүүвэйбаатар манай орныг төлөөлж, “Монголын хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэл тавьжээ.
Дэлхий дээрх хулангийн тархац нутгийн хэмжээ 360 мянган ам км бол үүний 70 гаруй хувь нь манай улсын говьд хамаардаг байна. Монгол орны хулан жилд дунджаар 70 мянган ам км газарт нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтдаас нэгдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ.
Сүүлд хийсэн судалгаагаар Монголд 89 000 орчим хулан байгааг тогтоожээ. Энэ нь дэлхий дахин дахь нийт популяцын 90 хувийг эзэлж буй аж. Хулангийн цөм сүрэг тархан суурьшсан өмнийн говийн бүсэд сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжиж, авто болон төмөр замын сүлжээ өргөжин тэлж байгаа нь тус бодгалийн амьдрах орчин доройтох, шилжилт хөдөлгөөн хумигдах эрсдэл дагуулж эхэлснийг судлаач илтгэлдээ дурджээ. Ташрамд дурдахад, хулан бүхий улс орнууд хамтран 2023 онд бүс нутгийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулсан ба үүнд Монгол Улс тэргүүлэх байр суурьтайгаар оролцсон байна.