Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны 10.00-11.40 цагт авах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад буй юм. Тэгвэл энэ оны эхний элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг ирэх даваа гаргаас орон даяар эхлүүлэхээр товлосон байна. Шалгалтад оролцогчдыг eyes.eec.mn цахим хуудсаар бүртгэх нь. Ирэх хавар ерөнхий боловсролын сургууль төгсөх сурагчид уг шалгалтад хамрагдах боломжтой. Шалгуулагчид монгол, англи, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос цөөнгүйг сонгож, бүртгүүлэх юм. Нэг хичээлийн шалгалтын төлбөр өнгөрсөн жил 5800 төгрөг байсныг энэ жилээс 7500 төгрөг болгож нэмжээ. Шалгалтыг жил бүрийн зургаадугаар сарын эхээр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд нарийвчилсан тов, хуваарийг одоогоор гаргаагүй байна.
Ташрамд дурдахад, их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд жилд хоёр удаа буюу хавар, өвөл зохион байгуулж хэвшээд буй билээ.
Бэлтгэсэн М.Оч