Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид сэргэлтийн бэлтгэл хийхээр Говь-Алтай аймгийг зорьжээ. Тэгвэл эмэгтэйчүүд Улаанбаатарт бэлтгэлээ базааж эхэлсэн. Шигшээ багийнхан ирэх дөрөвдүгээр сарын 11-16-нд Киргизийн Бишкек хотод насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д хүч сорино. Тус тэмцээний дараа 19-21-нд “Парис-2024” олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм.
Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээн ирэх наймдугаар сарын 5-11-нд болно. Одоогоор эрэгтэйчүүдийн төрлийн 57 кг-ын жинд Серби, Япон, Армени, Албани, AIN (ОХУ), 65 кг-д Унгар, Пуэрто-Рико, Армени, AIN (ОХУ), Иран, 74 кг-д AIN (ОХУ), АНУ, Серби, Япон, Грек, 86 кг-д АНУ, Иран, Сан-Марино, Казахстан, Узбекистан, 97 кг-д Бахрейн, Азербайжан, АНУ, Турк, Гүрж, 125 кг-д Иран, Гүрж, Турк, AIN (ОХУ), АНУ-ын тамирчид олимпын эрх авчээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд 50 кг-ын жинд Япон, Монгол, АНУ, БНХАУ, Турк, 53 кг-д Япон, AIN (Беларусь), Эквадор, Энэтхэг, Швед, 57 кг-д Япон, Молдав, Нигери, АНУ, Польш, 62 кг-д Япон, Киргиз, Норвег, Украин, Герман, 68 кг-д Турк, Монгол, Франц, Молдав, Япон, 76 кг-д Япон, Киргиз, Колумби, АНУ, Куба улсын тамирчид олимпод өрсөлдөх эрхтэй болоод байна.
Ташрамд дурдахад, AIN нь 2024 оны зуны олимпод ОХУ, Беларусийн тамирчдыг төлөөлөхөд хэрэглэх нэр юм. ОХУ Украинд халдсантай холбоотойгоор Олон улсын олимпын хорооноос дээрх хоёр улсын тамирчдыг цагаан тугийн доор тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.