Итали улсын Фоллоника хотод зохион байгуулсан, олон улсын өсвөр үеийнхний “Cadet European cup-2024” тэмцээнд Монголын жүдочид олон улсын шүүгч T.Энхцэцэгийн удирдлагад улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс тэмцээний эхний өдөр “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн бөх Б.Бат-Энэрэл медалийн салхи хагалж, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аварга боллоо. Эмэгтэйчүүдээс “Женко” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь 48 кг-д түрүүлсэн юм. Хоёр дахь өдрийн барилдаанд зодоглосон тамирчдаас “Шинэ бадрах” дэвжээний Б.Шинэтулга 73 кг-д хүрэл, “Гүрү”-гийнТ.Ариунзаяа 57 кг-д мөнгөн медаль зүүв. Энэ удаа “Виннэр” клубийнхнээс М.Цэндбазар 57, “Гүрү” дэвжээнээс Х.Маралмаа 63 кг-д шагналт V байрт шалгарлаа. Манай тамирчид нийт дөрвөн медальтай (хоёр алт, тус бүр нэг мөнгө, хүрэл) тэмцээнээ өндөрлүүлэв.