Өнөөдөр “Хайрын баяр”-ын өдөр тохиож буй. Жил бүрийн энэ өдөр Америкчууд найз нөхөд, гэр бүл, хайрт дотны хүмүүсдээ тусгайлан бэлдсэн бэлэг, мэндчилгээний карт илгээдэг байна. Ингэхдээ хэр их хайртайгаа илэрхийлсэн бэлгийг бэлддэг. Дэлхий нийтээр “Хайрын баяр”-ыг өөр өөрийн өнгө аястайгаар тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Ялангуяа хайрын хот хэмээн нэрийддэг Парис, Ром, Берлин, Лондон зэрэг хотуудад романтик үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Ингээд энэхүү өдрийг бусад улс оронд хэрхэн тэмдэглэж ирснийг хүргэе.
Италичууд Валентиныг дөрвөн өдөр тэмдэглэдэг
Италичууд эмэгтэйчүүд ба гэрлэлтийн дарь эх Жуногийн дурсгалд зориулж "La Festa Degli Innamorati"-г тэмдэглэдэг. Эртний уламжлал ёсоор энэ өдөр ганц бие эмэгтэйн анхны харсан эрэгтэй түүний нөхөр болно гэж үздэг. Дурлалт хүндээ Perugina Baci шоколад, чамин боодолтой самар эсвэл амтат интоор бүхий шоколадтай чихэр бэлэглэх нь түгээмэл аж.
Ромео, Жульетта хоёрын амьдарч байсан Верона хотод Гэгээн Валентины өдөр дөрвөн өдөр үргэлжилдэг. Пиацца деи Синори цэнгэлдэхэд үнэ төлбөргүй тоглолт болж, зүрхэн дэнлүүнүүд хотыг гэрэлтүүлдэг. Мөн хайрын захидал бичих уралдаанд оролцож, хайрын мэдрэмжээ хуваалцдаг байна.
Финчүүд найз нөхөд, хайрт хүмүүстээ бэлэг өгдөг
Финляндад уламжлалт Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийн оронд бэлэг, мэндчилгээний хуудас, романтик дохио зангаагаар хайраа илэрхийлдэг. Тус өдрийг Ystävänpäivä (YOUS-ta-van-PIE-vah) гэж нэрлэдэг. Энэ нь "Найрамдлын өдөр" гэсэн утгатай. Гэгээн Валентины өдрөөр хайр дурлал, энхрийлэлээ харуулахын оронд Финчүүд найз нөхөд, хайртай хүмүүстээ жижиг бэлэг, дурсгалын зүйл өгдөг байна.
Испани бүсгүйчүүд дурлалт залуудаа торгон ороолт, алчуур бэлэглэдэг
Испаничууд Америкчуудтай адилхан энэ өдрийг тэмдэглэдэг. Хайрын бэлэг, романтик оройн зоог болон бусад уламжлалт амттан бэлэглэнэ. Мөн санваартан Валентиныг эргэн дурсдаг байна. Хайртай залуудаа зориулж торгон ороолт, алчуур бэлэглэнэ. Энэхүү уламжлалыг испаниар Mocaorà хэмээн нэрлэдэг аж.
Чех хосууд интоорын модны дор үнсэлцдэг
Гэгээн хайрын өдрийг Чехэд мөн түгээмэл тэмдэглэж ирсэн. Гэхдээ хоёрдугаар сарын 14-нд бус тавдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Ингэхдээ хосууд интоорын цэцэрлэгийн дэргэдэх Чехийн нэрт зохиолч Карел Хайнек Мачагийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тухайн зохиолч романтик хүн байгаагүй ч хосууд интоорын модны дор үнсэлцэх нь аз авчирдаг гэдэгт итгэдэг аж.
Дани, Норвегид “амрагийн карт” солилцдог
Дани, Норвегид Валентины баярт зөвхөн хосууд оролцдоггүй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ "амрагийн карт" солилцдог. Энэ нь сэтгэл хөдлөм, инээдтэй, дурсамжтай зүйлээр дүүрэн аж. Зарим нь нэргүй хошигнол захидал илгээхдээ гарын үсгээ цэгээр илэрхийлдэг. Уг захидалд нарийн ширхэгтэй цаасан хайчилбар, богино хэмжээний шүлэг эсвэл мессеж бичсэн байдаг.Энэхүү өвөрмөц уламжлалыг "gaekkebrev" гэж нэрлэдэг. Хэрэв хүлээн авагч илгээгчийг хэн болохыг тааварлавал тэд Улаан өндөгний баярын үеэр өндөгний өртэй болно. Харин таамаг буруу байвал тэд илгээгчид Улаан өндөгний баярын өндөг өгөх ёстой.
Англичууд үзэм, чавгаар жигнэмэг хийдэг
Англид “Хайрын баяр”-ыг олон янзаар тэмдэглэдэг. Хамгийн түгээмэл нь хүүхдүүд дуу дуулж мэндчилж, амтат чихэр жимс, мөнгө авдаг байна. Зарим нь арвин ургац хураахын тулд үзэм, чавга эсвэл каравайн үрээр Валентины жигнэмэг хийдэг.
Хайрын хот Парис
Франц, тэр дундаа Парис хот нь хосуудын очих дуртай газруудын нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Хоёрдугаар сарын 14-ний өдөр амраг хосууд Америкчууд шиг захидал, карт солилцож, бэлэг өгдөг байна.
Германд хайрыг гахай хэлбэртэй бэлгээр илэрхийлдэг
Гэгээн Валентины өдрөөр зүрхэн хэлбэртэй гоёл чимэглэлийг хангалттай авдаг бол Германд гахай хэлбэртэй бэлэг солилцдог. Гахай бол хайр дурлал, хүсэл тачаал хоёрын бэлгэдэл учраас гахайн баримал, чихмэл болон бусад зүйлийг өгөх, хүлээн авах нь гайхалтай бэлэг гэж үздэг.
Мексикт хүн бүрт цэцэг, хөзөр, чихмэл бэлэглэдэг
Мексикт Гэгээн Валентины өдөр болох хайрын баярт оролцохын тулд хостой байх албагүй. Учир нь хоёрдугаар сарын 14-ний өдрийг "Эль Диа дель Амор и Амистад" гэж нэрлэдэг. Энэ нь "Хайр ба нөхөрлөлийн өдөр" гэсэн утгатай бөгөөд ямар харилцаатай байхаас үл хамааран хүн бүр цэцэг, хөзөр, чихмэл болон бусад зүйлс бэлэглэж, тэмдэглэдэг уламжлалтай.
Филиппинд олон хүний хуримын ёслол болдог
Хэрэв та Филиппинд хэн нэгэнтэй болзож, Гэгээн Валентины өдөр тохиовол сонирхолтой дурсамжийг бүтээнэ. Тодруулбал, Засгийн газраас нь олон хүний хуримын ёслолыг зохион байгуулж, хэдэн зуун хайрын шувуудыг нисгэдэг байна.
Японд чин сэтгэлээсээ дурласан хүндээ шоколад бэлэглэдэг
Японд шоколад нь хайрын баярын өдрийг илэрхийлэх гол бэлгэдэл юм. Үнэхээр чамд чин сэтгэлээсээ дурласан бол шоколад бэлэглэнэ. Үүнийг "honmei choco" хэмээн нэрлэж, үнэнч хайрыг бэлэглэдэг байна. Харин найз, нөхөддөө "giri choco" бэлэглэнэ.
Өмнөд Африкт бүсгүйчүүд зүрх сэтгэлээ ханцуйндаа зүүдэг
Хоёрдугаар сарын 15-нд Ромын Lupercalia баярыг хүндэтгэн тэмдэглэдэг Гэгээн Валентины өдөр Өмнөд Африкт бүсгүйчүүд зүрх сэтгэлээ ханцуйндаа зүүдэг. Өөрөөр хэлбэл, хайрынхаа нэрийг цаасан дээр бичиж, ханцуйндаа зүүдэг байна.
108 сарнай бэлэглэх нь гэрлэх санал юм
Тайваньчууд хайрын бэлгэдлийг цэцгээр илэрхийлнэ. Эрчүүд хоёрдугаар сарын 14-нд, дараа нь долдугаар сарын 7-нд хайртдаа асар том цэцгийн баглаа бэлэглэдэг байна. Тайваньд 108 сарнайтай цэцгийн баглаа илгээвэл тантай гэрлэхийг хүсэж буй гэсэн үг юм.
Эх сурвалж: today.com