Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвар тархах эрсдэл нэмэгдэж болзошгүйг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Баярын өдрүүдэд иргэд харьяа өрх болон дүүргийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-өөс 24 цагаар яаралтай тусламж, үйлчилгээ авах боломжтойг энэ үеэр мэдэгдсэн. Зохистой хооллолтын талаарх зөвлөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбатаас лавлалаа.
-Сар шинийн өдрүүдэд иргэд голчлон ямар тусламж, үйлчилгээ авдаг вэ?
-Би УГТЭ-т 11 дэх жилдээ ажиллаж байна. Яаралтай тусламжийн тасгийн нэг онцлог нь 24 цагийн турш тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сар шинийн баярын үеэр хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгддэг. Ялангуяа хоолны хордлого, архи хэтрүүлэн хэрэглэх гэх мэт. Нэг дор хэт их хоол хүнс хэрэглэснээс болж өвчлөх нь түгээмэл. Тиймээс нэн түрүүнд хоол хүнсийг зохистой хэрэглэхэд анхаарах шаардлагатай. Хүүхдүүдийн хувьд чихэр, жигнэмэг, янз бүрийн самар, жимсний хэрэглээ нэмэгдсэнээр арьсны тууралт гарах нь олон.
-Удаан хадгалсан хүнс хэрэглэснээс болж өвчлөх тохиолдол бас гардаг байх?
-Хэвийн боовыг 75 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, +20 градусаас доошгүй орчинд 15 хоног хадгалж, хэрэглэх нь зөв. Салат, түргэн муудах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээр тухай бүрд нь шинээр бэлтгэх нь зүйтэй. Бэлэн болсон бууз, баншийг хонуулж хэрэглэхгүй байх ёстой. Хоол боловсруулах эрүүл аргууд бий. Тухайлбал, чанах, жигнэх зэргийг сонгох хэрэгтэй. Харин амтлагчийн хувьд майонезын оронд зөөхий, давсыг сонгино, саримсаар орлуулж хэрэглэх нь сайн. Мөн ногоон навчит хүнс түлхүү идэх нь зохистой. Салатаа амтлагчаар бус, оливын тосоор амт оруулахыг бодоорой. Давс, чихэр, өөх тос ихтэй даршилсан хүнсийг аль болох бага багаар тохируулан хэрэглэх нь сайн. Нэг удаад хэрэглэх хоолны хэмжээгээ багасгаж, сайн зажлан, удаан идсэнээр шингэц улам сайжирдаг. Хоол идсэний дараа заавал алхаж дасгал хийж байгаарай.