Эрүүл мэндийн яам, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамтран сар шинийн өдрүүдэд “Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ. Баяр ёслолын өдрүүдэд хайнга, болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл, зам, тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг тул эрүүл мэндийн байгууллагууд эл аянаараа дамжуулан иргэдэд хариуцлагатай байхыг уриалах нь. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан түгээж, сургалт, сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ.
Халуун шингэн буюу цай, хоолонд түлэгдэх тохиолдол Цагаан сарын үеэр эрс нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд ийм шалтгаанаар гэмтсэн 300 гаруй хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмтэх, осгох, зам товчилж, цаг хожих зорилгоор хурд хэтрүүлснээс, баталгаагүй зам, гүүр, гүүрэн байгууламж, гол, нууран дээгүүр зорчиж яваад осолдох, цас, мөсөнд суух нь элбэг байдгийг эмч нар дурдлаа. Иймд орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчихыг, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг, архи, согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг гэрт нь хүргэж өгөх, гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, зайлшгүй тохиолдолд 102, 103 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг “Цагаан сар-хариуцлага” аяныг хэрэгжүүлэгчид зөвлөв.