Тээвэр ложистикийн салбар тэлэлтийн мөчлөг дээр ирлээ. Учир нь энэ салбар өнөөдөр дэлхийн улс орнуудын бодлогын анхаарлын төвд байна. Тээвэр ложистик нь дэлхийн худалдааны үнэ цэний сүлжээнд үр дүнтэй холбогдвол улс орны өрсөлдөх чадварыг огцом дээшлүүлдэг, эдийн засагт цэвэр валют оруулж ирдэг экспортын чухал чиглэл юм.
Дээрх асуудал манай улсын хувьд ямар чухал юм бэ гэдэг нь коронагийн үед л харагдсан. Тяньжин, Эрээн, Замын-Үүдийн боомтууд манай улс руу ирэх ачаагаар хахаж байлаа. Ер нь тээвэр ложистик гэдэг чинь дэлхийн анхаарлын чухал хэсэг болж байна.
Хуурай зам, усан зам, агаарын зам гээд л том гүрнүүдийн цэрэг дайны сонирхол ч үүн дээр л үндэслэгдэж байх шиг. Си Жиньпиний “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр чинь тэр чигээрээ тээвэр ложистикийн асуудал юм уу даа.
Монгол Улс олон улсын худалдаанаас ихээхэн хамааралтай хэдий ч түүний бүс нутгийн худалдаанд эзэлж буй байр суурь харьцангуй хязгаарлагдмал байна. Логистикийн зардал тус улсын худалдааны эргэлт, бүтээгдэхүүний үнэд хүндээр тусдаг. Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байгаа нь бусад улс орны үзүүлэлтээс үлэмж өндөр байна. Энгийнээр хэлбэл, дэлгүүрээс 100 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан бараа худалдаж авсан тохиолдолд 20-30 мянган төгрөгийг тээвэр ложистикт төлдөг. Бидний амьдралын өртгийн бараг дөрөвний нэгийг буюу 20-30 хувийг тээврийн зардал эзэлдэг гэж хэлэхэд болно. Энэ бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш өндөр тоо. Харин далайд гарцтай АНУ-д энэ тоо 5-8 хувь, Хятадад 6-9 хувь байдаг. Товчоор хэлбэл, монголчууд бүгдээрээ тээвэр ложистикийн хэрэглэгчид, тэр тусмаа хамгийн өндөр үнэ төлдөг хэрэглэгчид юм. Тэр нь арга ч үгүй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, импортоор хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг. Импортын тээвэр зогсвол бидний амьдрал бас зогсох аюултайг цар тахлын үеэр сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьдрал импортын тээврээс тэр чигтээ хараат. Гэвч импортын тээвэр нь манай улсын газар зүйн байршил, дэд бүтцийн салбарын хөгжлөөс хамаараад дээр дурдсан 20-30 хувийн өртөг бий болдог. Энэ нөхцөлд импортын тээвэр нь далай, агаар, төмөр зам, авто замыг хослуулан маш урт зам туулдаг, олон улсын тээвэрлэгч компаниудтай хамтарч, зааварчилгаа өгч, ачаа барааг хэрэглэгчийн гарт найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилготой угсармал менежментийн ажил болдог. Энэ л ажлыг бидний мэдэх тээвэр зуучийн компаниуд хийж, зах зээлд өрсөлддөг.
Орчин үеийн технологийн дэвшил бүх салбарт нөлөөлж буй ч тэр дундаа тээвэр логистикийн салбарт чухал өөрчлөлтүүдийг авчиржээ. Хүлээн авагчид технологийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй болж буйтай холбоотойгоор бизнесүүд ч мөн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарч ирж байна. Хэрэглэгчид хурдан шуурхай хүргэлт, хямд үнийг чухалчилхаас гадна найдвартай байдал, захиалгын төлөв зэргийг хянах хүсэлтэй болсон аж.
Олон улсын томоохон тээвэр ложистикийн компаниуд аль хэдийн технологид суурилсан бизнесийн хэв маяг руу шилжсэн. Бүрэн автоматжуулсан агуулахын төв, гар утаснаасаа хүргэлтийн захиалга үүсгэх боломж болон хэрэглэгчдэд хүргэлтийн бүхий л үйл явцыг харуулах технологийн шийдэл зэргийг үүнд дурдаж болно. Тодруулбал, хувь хүмүүсээс эхлээд борлуулалтаа тэлэхээр зорьж буй бүхий л төрлийн худалдааны бизнес эрхлэгчдэд агуулалт, ангилалт, хүргэлтийн цогц үйлчилгээ хэрэгтэй. Ингэхийн тулд тээвэр, ложистикийн салбарт худалдааг оролцуулан зангидсан тусгайлсан нэгдсэн хууль үгүйлэгдэж байна.