Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин Г.Батжаргал Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы бие төлөөлөгч Э.Доржрагчаа нар “Өндөр чихэнд”-ийн өвөлжөөнд нь очиж гардуулан өгөв.
Г.Батжаргал, гэргий Г.Баасанжаргал нар нутаг орондоо нэр хүндтэй, ажилч хөдөлмөрч, малч гэр бүл юм. Тэд 2016 онд Улсын аварга малчнаар тодорч байв. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр шагнал гардуулах үеэрээ "Алдартан гавьяатны өлгий нутаг Алдархаан сумаас Улсын хошой аварга малчин төрлөө. Г.Батжаргалын гэр бүл улсын аварга малчин гэдгээ дахин баталж, хошой аварга малчин боллоо. Аливаа шагналыг дагаж ирэх хариуцлага өндөр байдаг учир залуу малчиддаа үлгэр дуурайлал үзүүлж, мал маллах арга ухаанаа зааж сурган, зөвлөн туслаж явахыг хүсээд, “Хөдөлмөрийн баатар” хэмээх өндөр цолонд хүрэхийг ерөөв" гэж онцлов.