Ахуйн хүрээний буюу объектын гал түймрийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 83 тохиолдол бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас мэдээлсэн. Үүний 41 нь нийслэлд бүртгэгджээ. Өдөрт дунджаар 11 удаа түймэр гарсан гэсэн үг. Уржигдар буюу энэ сарын 5-нд гэхэд түймрийн таван дуудлага бүртгэгдсэний дөрөв нь Улаанбаатарт, нэг нь Сэлэнгэ аймагт гарчээ.
Гал түймрийн дуудлага, мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, амбаар шатсан тохиолдол зонхилж буй бөгөөд эдгээр нь галлагааны үеийн болон цахилгааны аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан онцлов. Тэрчлэн яндан цоносноос болж монгол гэр шатах нь элбэг гэдгийг дурдлаа. Иймд айл өрхүүдийг түймрийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч, галын аюулаас амь, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөв.