Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм.
Тэгвэл өнгөрсөн онд аялал жуулчлал нь хамгийн өндөр өсөлттэй байсан 20 орныг дээрх агентлаг онцоллоо. Жагсаалтын эхний таван байрт Серби, Пакистан, Турк, Румын, Португал улс оржээ. Серби улсад аялсан жуулчны тоо цар тахлын өмнөх үеийнхээс 79, Пакистаных 77, Туркийнх 59, Румыных 48, Португалынх 38 хувиар өссөн байна. Үүний дараа Мавритани, Марокко, Латви, Танзани, Мексик улс 24-36, Испани, Итали, Словени, Бразил, Грек, Франц, Кипр, Энэтхэг, Самао, Монгол 4-17 хувиар өссөн үзүүлэлтээр жагсжээ. Манай улс 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авснаар (2019 оных 577 мянга) цар тахлын өмнөх үзүүлэлтийг дөрвөн хувиар давуулж, 20 дугаарт эрэмбэлэгдсэн аж.
Аялал жуулчлалын салбарын үзүүлэлтээр тэргүүлсэн20 орны 11 нь Европынх бол дөрөв нь Ази, Номхон далай, гурав нь Африк, хоёр нь Ойрхи Дорнодынх байна. Ази, Номхон далайн бүсийн улсуудаас Пакистан хамгийн өндөр буюу 79 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол үлдсэн гурав нь 18-20 дугаар байрт оржээ.