“Монгол шуудан” ХК Хөшигийнхөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд Олон улсын шуудан ялган боловсруулах төв нээж, үйл ажиллагааг нь өчигдрөөс эхлүүллээ.
Тус компани саяхныг хүртэл төв салбартаа олон улсын шуудан хүлээн авч, үүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол өчигдрөөс ийнхүү дэлхий нийтийн жишгээр албан ёсны төвд, нисэх буудалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг эл компанийн Улс хоорондын шуудангийн газрын мэргэжилтэн хэллээ. Ялган боловсруулах төв нь жилд дунджаар гурван сая орчим шуудан, илгээмжийг экспортолж, импортлох хүчин чадалтай аж.
Ташрамд дурдахад, улс хоорондын шуудан хүргэлтийг дотор нь агаарын болон газрын гэж ангилдаг байна. “Монгол шуудан”-гийнхан шуудан солилцооны хамтын ажиллагаатай 100 гаруй орноос агаарын тээврээр ирж буй илгээмжийгэнэ төвд хүлээн авч, эзэнд нь хүргэх, бэлтгэн илгээх үйлчилгээг үзүүлэх нь.