Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Энэ улирлын шилдгийн шилдэг буюу “Үнэ цэнтэй тоглогч” шагналыг эрэгтэйчүүдээс “IHC apes” багийн ахлагч М.Өлзий-Орших, эмэгтэйчүүдээс “Хасын хүлгүүд”-ийнтоглогч Ө.Индра хүртэв. Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар “Эрдэнэт майнерс”-ын Фрагиас Василиус тодорлоо. Тус баг энэ улиралд 19 хожилтойгоор хүснэгтийг тэргүүлсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн багийнхнаас “Хасын хүлгүүд”-ийн О.Баярцогт тэргүүлсэн байна. Тэд энэ улиралд ес хожсон амжилттайгаар хүснэгтийн эхэнд бичигдсэн. Улирлын шилдэг гадаад тоглогчоор эмэгтэйчүүдээс “Аравт” багийн Амара Колеман, эрэгтэйчүүдээс “IHC apes”-ийн Энтони Смит нарыг шалгаруулжээ. Шилдэг шинэ залуу тоглогчоор “Хасын хүлгүүд”-ийн А.Азбаяр (эрэгтэй), “Аравт” багийн Э.Тунгалаг (эмэгтэй) нар тодров.
Бэлтгэсэн: М.Оч