Монгол, Герман үндэстний анхны харилцаа 1241 онд Легницагийн тулалдааны үеэр үүссэн гэж үздэг. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Оросын нийслэл Санкт-Петербург дахь төлөөлөгчидөөрөө дамжуулан Германтай харилцаа тогтоох оролдлого хийж байсан боловч амжилтад хүрээгүй. Улмаар 1921 оны Монголын хувьсгалын дараа Монгол Ардын Нам Герман улстай эдийн засгийн харилцаа тогтоохыг зорьж, 1927 онд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж тэргүүтэй 50 гаруй Монгол оюутан сурагчдын анхны ээлжийг Герман, Франц руу илгээж байсан юм.
Харин Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоёр 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Герман Улс нэгдсэний дараа 1990 оны сүүлээр ЭСЯ-аа харилцан нээсэн. Үүнээс өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын ЭСЯ Улаанбаатарт ажиллаж байв.(Хуучин үгд Найрамдах ардчилсан Герман улс хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 13-нд дипломат харилцаа тогтоож байжээ). Хоёр улс 2008 оноос эхлэн "Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг" хэрэгжүүлж байна.
Харилцан хийсэн гол айлчлалууд:
- Монголын талаас:
- 1991 онд - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн
- 1992 онд - Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
- 1993 онд - Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди
- 1995 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат
- 1997 онд - УИХ–ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
- 1999 онд - Гадаад харилцааны сайд Н.Туяа
- 2000 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2002 онд - Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр
- 2003 онд - Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун
- 2005 онд - Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
- 2007 онд - УИХ-ын дарга Д.Лүндээжанцан
- 2009 онд - Ерөнхий сайд С.Баяр
- 2010 онд - Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар
- 2012 онд -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /3 дугаар сард/
- 2012 онд -Гадаад харилцааны сайд Л.Болд 10 дугаар сард/
- 2013 онд - Шадар сайд Д.Тэрбишдагва /12 дугаар сард/
- 2015 он - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /3 дугаар сард, ажлын айлчлал/
- 2015 он - УИХ-ын дарга З.Энхболд /3 дугаар сард албан ёсны айлчлал/
- 2022 он -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /10 сар, албан ёсны айлчлал/
- Германы талаас:
- 1991 онд - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг
- 1992 онд - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд К.-Д. Шпрангер
- 1995 онд - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Б.Хирш
- 1996 онд - Гадаад хэргийн сайд бөгөөд Дэд Канцлер К.Кинкель
- 1998 онд - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцог
- 1999 онд - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
- 2003 онд - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
- 2006 онд - Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт
- 2008 онд - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көлер
- 2010 онд - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел
- 2010 онд - Тээвэр, барилга хот байгуулалтын сайд П.Рамзауэр
- 2010 онд - Батлан Хамгаалахын сайд К.Т.цү Гүттенберг
- 2011 онд - Холбооны Канцлер А.Меркель
- 2013 онд - Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Освальд /6 дугаар сард/
- 2014 онд - Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер /7 дугаар сар/
- 2015 оны аравдугаар сард - Холбооны Ерөнхийлөгч И.Гаук
- 2016 оны долдугаар сард Холбооны Канцлер А.Меркель Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцов.
- 2022 оны зургадугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний (Бундесвер) Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
Хамтын ажиллагааны гэрээнүүд
Гэрээ хэлэлцээрүүд:
- 1995 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон /өрнөдийн орнуудаас хамгийн анх/.
- 2008 оны есдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.
- 2011 оны аравдугаар сард Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
- “Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” зэрэг хоёр талт олон улсын гэрээгээр харилцааг зохицуулж байна.
Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа нь зургаан үндсэн чиглэлтэй.
Үүнд:
- Улс төрийн харилцаа,
- Батлан хамгаалах харилцаа
- Эдийн засгийн харилцаа
- Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа
- Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа
- Хүмүүнлэг олон нийтийн салбарын хамтын ажиллагаа зэрэг болно.
Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа
- Монгол Улс, ХБНГУ нь 1993 онд цэргийн атташе нараа харилцан хавсарган суулгах талаар тохиролцож батлан хамгаалахын хамтын ажиллагаа эхэлсэн.
- “Цэргийн сургалтад тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг 1995 онд, “Цэргийн нууцыг харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 2009 онд, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2011 онд тус тус байгуулсан.
- 2009-2021 онд Афганистанд явагдсан Энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэсэн.
- “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд Германы Зэвсэгт хүчний штабын офицерууд 2003 оноос тасралтгүй оролцож ирсэн.
- Батлан хамгаалах салбарт өндөр түвшний айлчлал, зөвлөлдөх уулзалт, хамтын ажиллагааны механизмууд тогтмолжсон. Тухайлбал, ХБНГУ-ын ЗХЖШ-ын дарга генерал Э.Цорн 2022 оны зургаадугаар сард Монгол Улсад, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д 2023 оны наймдугаар сард тус тус харилцан айлчилсан.
- Уулын явган цэргийн хоёр талын хамтарсан сургалт 2019 оноос хойш тогтмол явагдаж байна.
Улс төрийн намын сангуудын үйл ажиллагаа
1990 оноос эхлэн Конрад-Аденауэрын сан, Фрийдрих-Эбертийн сан, Ханнс-Зайделын сан зэрэг улс төрийн сангууд манай улс төрийн намууд болон төр засгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, ардчилсан төр, засаг, шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, улс төр, хууль эрх зүйн боловсрол, хэвлэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоход зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тэтгэлэг олгох чиглэлээр ажиллаж байна. Хайнрих-Бөллийн сан /Ногоон нам/ бурхны шашны уламжлалт соёл, өв уламжлалыг сэргээх чиглэлээр 1997 оноос төсөл хэрэгжүүлж байсан. Конрад-Аденауэрын сан, Ханнс-Зайделын сан, Фрийдрих-Эбертийн сангийн төлөөлөгчид Улаанбаатарт суурин ажилладаг.
Гадаад худалдааны эргэлт
Хоёр орны гадаад худалдаа эдийн засгийн эргэлт 226 сая ам.долларт хүрчээ. 2018 онд гадаад худалдааны эргэлт 181 сая ам.доллар байсан бол таван жилийн хугацаанд 45 сая ам.доллараар өсжээ. Монгол Улсад 1990-2023 онд ХБНГУ-ын 113 хуулийн этгээд нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.7 хувийг эзэлдэг.
ХБНГУ нь Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 1991 оноос хойш манай улсад 529,6 сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайжирч, хүн амын орлого нэмэгдсэн үндэслэлээр Германы тал 2020 онд хөгжлийн албан ёсны дэмжлэг, туслалцаагаа зогсоожээ. Гэхдээ 2022 оноос хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламжаа дахин сэргээсэн.
Аялал жуулчлал
Цар тахлын дараа тус улсаас манай орныг зорих аялагч, жуулчдын тоо эргэн өсөж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 9000 гаруй жуулчин манай улсад иржээ. Берлин хотноо 2021 онд албан ёсоор нээсэн “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааны төв”-д аялал жуулчлал, гадаад сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулдаг.
ХБНГУ-ын иргэд 2013 оны есдүгээр сарын 1-нээс Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй, манай улсын цахим дипломат паспорт эзэмшигч иргэд 2013 оны арваннэгдүгээр сарын 18-наас хагас жилийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байна. 2022 оны байдлаар Монгол Улсын 7265 иргэн ХБНГУ-д оршин сууж, Берлин, Штутгарт, Мюнхен, Нюрнберг зэрэг хот, муж улсад манай иргэд, оюутнууд төвлөрчээ.
Боловсролын харилцаа
- 2022 оны байдлаар, 769 монгол оюутан Германд суралцаж байна. Оюутнууд ихэвчлэн өөрсдийн зардлаар суралцдаг. Түүнчлэн 220 орчим залуус мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан 2023 оноос эхлэн Дрезден хотноо суралцаж буй.
- Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг (GMIT) 2014 онд байгуулсан. Тус сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байна. 2018-2023 онд төгссөн нийт 155 төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагджээ. Нийт оюутны 40 хувь нь тэтгэлгээр суралцдаг.
- Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэй сургалтын төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх GMIT сургуулийн нэрэмжит тэтгэлэг, мөн компанийн нэрэмжит тэтгэлгүүд бий.
Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1997 онд байгуулсан.
- Улаанбаатар хотод Германы Гёте Институт албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг. Бонн хотын Их сургуулийн дэргэд Монгол судлалын тэнхимтэй бол Берлин хотын Хумболдтын Их сургууль, Лайпцигийн их сургуульд монгол судлаач профессор тус тус ажилладаг.
- Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Хархорум хотноо тухайн үеийн хоёр улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Роман Херцог нарын ивээл дор эхэлсэн. Хамтарсан экспедицийн судалгааны ажлыг ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны сан, Германы Эрдмийн солилцооны алба, Германы Судалгааны сан, Герда Хенкелийн сан зэрэг байгууллагын санхүүжилтээр хийж ирсэн.